Грахам Белл уг нь дүлий хүмүүст зориулж ямар нэг зүйл хийхийг хүсч байлаа. Үүнийгээ хэрэгжүүлж чадаагүй ч олон зуун км –ын зайтай байгаа хүмүүсийг хооронд нь холбож өгдөг төхөөрөмж бүтээжээ.
Александр Грахам Белл 1876 онд найз Ватсонтойгоо өөрийнхөө хийсэн төхөөрөмжөөр “Хүрээд ир, чамтай уулзмаар байна” гэж ярьсан нь анх удаа хүн холын зайг хэрхэн даван туулж ярьж болохыг харуулсан хэрэг болсон юм. Хэрэв өнөө үед телефон утас бидний амьдралын нэг хэсэг болсон гэдгийг Грахам болон хамтрагчдад нь хэлвэл итгэхгүй байх байсан биз. Ирээдүйд бүх хүн интернэтийг одоо бид утас хэрэглэж байгаа шиг хэрэглэнэ гэвэл та итгэх үү? Байж болно тийм биз дээ?
Хүн төрөлхтөн олон зууны турш хол газартай холбоо барих аргыг эрж хайж байсан юм. Хамгийн анхны дохио мэдээ нь асаасан гал, гэрэлтдэг дэнлүү байв. 1793 онд Францын Клауд Чаппе “холоос бичсэн” гэсэн утга бүхий нэртэй “телеграф”-ийг зохион бүтээжээ. Энэ багаж нь цамхагийн оройд байрлуулсан хөдөлгөөнт урт зүйлүүдийг ашиглан ирсэн дохиог тэмдэг, үсэг болгон хувиргах журмаар ажилладаг. Дараах 40 жилийн турш цахилгаан холбоо хөгжсөн бөгөөд 1876 онд Грахам Белл анх удаа металл утас ашиглан яриа дамжуулдаг телефоныг зохион бүтээжээ. Дүлий хүмүүстэй холбоотой ажиллаж байсан нь Беллийг дуу чимээ хэрхэн чичиргээгээр бий болдгийг сонирхон судлахад хүргэж, “армоник телеграф” нэртэй бүтээлээ хийж байх үедээ агаарын цахилгаан урсгалыг ярих үед гардаг долгионтой төстэйгээр хөгжүүлж болохыг нээжээ. Утасны анхны гараа ингэж эхэлсэн байна.
Грахам Белл Эдинбургт төрсөн боловч Америкийн иргэн болсон бөгөөд дүлий эмэгтэйд хайртай байжээ. Дүлий хүнд яаж тус болох тухай их боддог байв. Бостоны их сургуулийн дуу чимээний профессор байх үедээ дуу чимээг механик аргаар бий болгох тухай байнга санааширч байв. Дууны долгионыг цахилгаан урсгалд хувиргаж чадвал, хэсэг хугацааны дараа цаад талд нь дуу чимээ болгож болно гэж үзэж байлаа. Үнэндээ тэрээр дүлий хүнд дуу чимээ сонсгохыг оролдож байв. Санасандаа хүрч чадаагүй ч алс хол байгаа хүмүүс бие биеэ сонсох боломжийг бий болгожээ.
Түүний ээж нь төрөлхийн дүлий байв. Өвөө, аав нар нь бүхий л амьдралаа дүлий хүмүүст зориулжээ. Ялангуяа аав нь дүлий хүмүүс сонсож чадахгүй ч ядаж ярьж сурах арга замыг бий болгохоор оролдож байв. Хоёр дүүг нь сүрьеэгээр нас барсны дараа аав нь үлдсэн ганц хүүгийнхээ эрүүл мэндийг бодож Канад руу нүүжээ. Аавыгаа нас барсны дараа Белл ажлыг нь олонд таниулж түгээхээр Америк руу явжээ. Дүлий хүмүүст зориулсан багш бэлтгэдэг сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд удалгүй өөрийн сургуулийг байгуулав.
Богино хугацаанд алдартай болсон түүнийг Оксфордын их сургуульд багшлахыг урьж байлаа. Тэрээр Англид байхдаа Германы эрдэмтэн Херманн фон Хелмхолзын бичсэн сонсголын тухай номыг уншсаны дараа хөгжмийн аялгууг утсаар дамжуулж болох тухай бодож хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Тэр үед түүнээс өөр олон эрдэмтэд энэ сэдвээр ажиллаж байсан бөгөөд тэдний нэг нь Илиша Грей байлаа.
Белл Англиас буцаж Бостоны их сургуулийн Хүний дуу чимээ судлах салбарт томилогджээ. Зарчмын асуудлыг амьдралд ойртуулж, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан сонсголын төхөөрөмж хийхээр цахилгааны инженер Томас Ватсонтой хамтран ажиллаж эхэлжээ. Өмгөөлөгч Ж.Ж.Хюббарт санхүүгийн дэмжлэг үзүүлж байв. 1875 онд тэд дуу чимээ металл утсаар дамжин гадагш чиглэж байгааг олж нээсэн боловч яриа сайн ялгагдахгүй байлаа. 1876 оны 2-р сарын 14-нд Белл, Грей нар тус тусдаа утас зохион бүтээсэн патент авахаар мэдүүлж 3-р сарын 7-нд Белл 174465 гэсэн дугаартай патент авчээ.
Бидний амьдралын нэг хэсэг болсон утас 1875 оны 3-р сарын 10-нд ийнхүү Грахам Беллээс төржээ. АНУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор зохион байгуулсан “Зуун жил” нэртэй үзэсгэлэн дээр том шагнал авчээ. Нэг өдөр чимээ дамжуулах туршлага хийж байх үед нь зайны хүчил өмдөн дээр нь асгарсан байна. Өөр өрөөнд байсан туслах Ватсонаа дуудаж, тусламж хүссэн байна. Цааш нь юу болсныг лаборторийн дэвтэрт тэмдэглэхдээ:”Харилцуурын ярьдаг хэсгийг аваад:-Ноён Ватсон, хүрээд ир. Тантай уулзмаар байна гэж хэлсэн юм. Гэтэл тэр миний хэлснийг сонсоод ирсэн нь үнэхээр гайхалтай. Хэлсэн зүйлийг минь давтан хэлэхийг хүсэхэд тэр үг бүрийг минь алдалгүй давтсан билээ. Дараа нь байраа солиод Ватсон харилцуураар нэг номноос бага зэрэг уншихад би чагнуураар чагнасан юм. Ирж буй чимээ ялгагдахаар боловч бөглүү байсан бөгөөд хааяа ганц нэг үг нь тод байв. Эцэст нь :-Ноён Белл, миний хэлснийг ойлгосон уу?” гэх нь тодоос тод сонсогдсон юм.” гэжээ.
Хэдэн сарын дараа Улс тунхагласны 100 жилийн ой болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Зочин Бразилийн эзэн хаан 2-р Федро “Энэ ярьж байна” хэмээн хашхирч дэлхий дахинд зарласан гэнэ. Харилцах утас бий болсны дараа Америкийн нэг хотын дарга “Хожим хот бүрт нэг нэг байх болно” хэмээн бардамнан хэлж байсан бол Английн шуудангийн ахлах инженерийн нэгэн хошигнолд “Америкчуудад харилцуур утас хэрэгтэй бол бидэнд тийм шаардлага алга. Бидэнд сонин тараагч хүү зөндөө бий” хэмээжээ. 1876 онд Грахам Белл харилцуур утсыг зохион бүтээсний дараа хэн ч ашиглахыг хүсэхгүй байв. Ерөнхий сайд Рутерфорд Хайс “Хамгийн хөгтэй нээлт. Ийм зүйлийг хэн хэрэглэх юм бэ?” гэж хэлж байжээ.
Нэг жилийн дараа Белл шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүлэхэд хөрөнгө мөнгө, сэтгэл санааны тусламж авдаг байсан Хюббартын охин Мабелтэй гэр бүл болжээ. Эхнэр нь 4 наснаасаа хойш дүлий байлаа. Сурагч нь байсан Мабелд тэр үнэхээр их хайртай байлаа. Хэдийгээр нэр төр нь өсч байсан ч эхнэрээ, дүлий гэдгийг мартаж байсангүй. Эхнэртээ бичсэн захидалдаа “Хайрт минь, эр нөхөр чинь хаана хүрдэг ч бай, хэр их баян болдог ч бай хамаагүй дүлий хүмүүсийг болон тэдний бэрхшээлийг хэзээ ч мартахгүй гэдгийг бүү март” хэмээн бичиж байжээ. Өнөөгийн амьдралд дээгүүр байр суурь эзэлдэг олон зүйлийг нээсэн шалтгаан нь дүлий хүмүүс байв. Өөрийн дүлий ээж, эхнэрийнхээ сонсож чадаагүй дуу чимээг бичиж авч эхэлжээ. Грахам Белл “Грамофон”-оос олсон орлогоо өнөөг хүртэл дүлий хүмүүст зориулж үйл ажиллагаа явуулж буй санд өгчээ. Францын засгийн газар дүлий хүмүүст зориулан бүтээсэн зүйлийг нь үнэлэн Хүндэт шагналаар шагнасанд мөнгийг нь Вашингтонд дүлий хүмүүст зориулан Волта институтыг байгуулахад зарцуулсан байна. Анхны харилцуур утсаа сайжруулахаар хичээж байсан Белл өөрийг нь шүүхэд өгсөн Грейгийн эсрэг хуулийн дагуу тэмцэж байв. Харилцуур утсаа 4 жилийн турш хийсэн бөгөөд 1880 онд Беллд тусалж байсан Тайнер радиофон гэж нэрлэсэн багажийг туршиж үзжээ.
Сургуулийн дээвэр дээр гарсан Тайнар холоос дөнгөж харагдаж байгаа Беллд утсаар хандан: “Ноён Белл…Ноён Белл…Намайг сонсож байгаа бол цонхоороо цухуйж, малгайгаараа даллахгүй юу” гэжээ. Белл түүнийг нь сонсоод малгайгаараа далласан бөгөөд энэ нь харилцуур утасны анхны хэрэглээ байлаа. 8 жилийн дараа Коннектикут муж хамгийн анх утасны сүлжээтэй болсон байна. Харилцуур утсыг саяхан хүртэл төвийн албан хаагчид л хэрэглэж байлаа. Харин холбогчид нь эмэгтэйчүүд болов.
1899 онд Алмон Б.Стовгер гэгчийн тусламжтайгаар нэгэн автомат холбоог бүтээжээ. Гайхалтай нь энэ хүн оршуулгын ёслолд хэрэглэдэг зүйлс зардаг нэгэн байсан бөгөөд эхнэр нь холбоонд ажилладаг байв. Оршуулгын ажлаар Стовгерыг эрж буй хүмүүсийг нөхөртэйгөө холбож өгдөг байлаа. Энэ төвөгтэй байдлыг шийдвэрлэхийн тулд Стовгер оролдсоор автомат холбоог зохиожээ. Олон нийт энэ утсыг нь “эмэгтэй хүнгүй утас” гэж нэрлэжээ. Өнөөгийн утастай огт адилгүй бөгөөд дээр нь нэгж, аравт, зуутын орныг төлөөлсөн 3 товчтой байв. Холбогдохыг хүсч байгаа утас руугаа дээр нь байгаа даралттай адил тоогоор дарж ярих хэрэгтэй болдог байлаа. Залгаж байгаа хүн хэдэн удаа дарснаа хааяа мартдаг тул будилдаг байв. Нью-Йорк хотыг ахархан хугацаанд утсан холбооны төвүүд, холбооны утас аалзны тор мэт сүлжсэн байна. Алхам тутамд утасны шонгууд босч утсан харилцаа хүмүүсийн амьдралд хурдтай нэвтэрч эхэлжээ.
Тэр үед утсыг рекламдахдаа “Тухтай яриа… Амнаас чихэнд илүү тухтай” гэдэг байжээ.
Утастай боломжоо ашиглан үйлчлүүлэгчдээ татах гэсэн зочид буудлуудын хоорондох тэмцэл эхлэв. Зочид буудлууд алдар хүндтэй театр, дуурь, концертын танхимтай холбосон утсаар дууг нь буудалдаа шууд дамжуулдаг болов. Мөн айл гэр, албан газарт тархах болсон байна.
1915 онд Белл Нью-Йорк, Сан-Франциског холбосон хот хоорондын анхны холбоог нээлээ. Түүний хажууд мөн л Ватсон байсан бөгөөд олон жилийн дараа ч анхны дуудлагаа үл мартан “Ватсон чамтай уулзмаар байна. Наашаа хүрээд ир” хэмээн ярьжээ. Грахам Белл хэмээн хэлэхэд хамгийн түрүүнд харилцуур утас санаанд ордог ч өөр олон зүйлийг зохион бүтээсэн ажээ.
Эдгээрийн нэг нь бүх дэлхий даяар сонирхон уншдаг National Geographic сэтгүүлийн удирдагч байсан явдал юм. 120 жилийн өмнө дайралтанд өртөн хүнд бэртсэн Америкийн ерөнхийлөгч Гарфиелдийн бие дэх сумны байрлалыг телефоник аргаар олсны дараа рентген туяаг зохиоход ашиглажээ. Ус болон агаарын тээвэрлэгчдэд зориулсан олон төслийг боловсруулсан байна. 1893 онд телефон утасны хөгжлийн тухай бичиж байсан тэрээр :Хүн төрөлхтөн одоо дуугий нь сонсож байгаа дуучныхаа дүрийг ирээдүйд хардаг болно гэсэн байдаг. Энэ нь одоогийн зурагт, интернэт, гар утас гээд олон олон зүйлийн үндэс байлаа.
No comments:
Post a Comment