Шинэ оны эхний өдөр харьд бэрлэн урд зүгийн хүний эхнэр болсон Сэрчмаагийн хурим энэ оны хамгийн анхны дуулиан байлаа. Тэдний хуримыг Өвөрмонголчууд "Монгол монголтойгоо суулаа" хэмээн сайшааж байгаа ч Монголчууд "Харьд тэр тусмаа урд зүгт бэрлэлээ" хэмээн таагүй хүлээж авсан.
Хуримын ёслолоо христийн шашны дэгийн дагуу гүйцэтгэсэн нь шашны энэ урсгалыг хавчин гадуурхдаг Хятадуудын хувьд тийм ч сайхан санагдаагүй нь лавтай. Түүний нөхөр "Улаан хад"-ны Тачингаагийн Баяр гэгч залуу Өвөрмонголдоо нэртэй бизнесмэн гэдэг. Анх Монголоос очсон урлагийнхны тоглолтыг зохион байгуулдаг байснаар Сэрчмаа бүсгүй ирээдүйн нөхөртэйгээ танилцсан гэх юм билээ. Нэр нөлөөтэй, мөнгө төгрөг ихтэй гэдэг утгаараа гурван өдөр дараалан хундага тавилгүй архи сөгнөж, хутга тавилгүй шүүс зооглон их найр хийсэн биз. Эхнэртээ хуримын бэлэг болгон урлагийн сургууль байгуулж өгөхөөр болсон гэх мэдээлэл ч цацагдаад авсан.
Тэдний хуримын дараа нэг хүний өмнө 700-аад мянган төгрөгийн идээ ундаа байсан гэх яриа гарч олныг гайхшруулсан. Хүүхэн хүн, цагаан зээр хоёрт нутаг байдаггүй гэгчээр хол бэрлэсэн ч шуугиан тарьсан найр үүсгэж өрх сунгасанд нь баярлахаас өөр аргагүй. Бүх юм хоёр талтай байдаг хойно тэдний энэ их цэнгэлийн дараа хуримынхаа нүнжгийг харуулах гэж зориудаар шуугиан тарьж байна гэх хар ч дагалдах болов. Бодоод үзэхэд, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж хэлж болох ая зохиогч Ангирмаа, UBS music-ийн Чимгээ болон Гантөр нарын зочдоо хүлээн авахдаа "жорлон" мэт буудалд буулгахгүй байсан байж болох мэт.
Түүгээр ч үл барам анх нөхрийнх нь барааг харсан манай рок попын акулууд хүргэнээ хэзээ ирж танилцахыг хүлээж суутал тэрээр ирж хүндлэл үзүүлэх нь бүү хэл нүднийхээ булангаар ч тоож хараагүйгээс буудлыг нь голж өөр буудалд буудаллан цамнаж байсан "Төмөр хатагтай" Ангирмаагийн гэдэн нэг мөр хөдөлж хуримын ёслолыг нь орхин Монгол руугаа ниссэн гэдэг. Нөгөөтэйгүүр хүргэн хүү хэдий зиндаархуу нэгэн байлаа ч хүүхнийхээ талынханд хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг.
Тэгэхээр тэрхүү өвөрлөгч эр эхнэрээ үл ойшоодог нэгэн үү эсвэл "нялх" дива эр нөхөртөө Монголын рок попын төлөөлөгчдийн талаар ийм үнэлэмж төрүүлэв үү гэх асуулт гарч ирнэ. Мөн хуримын ёслолыг нь хөтөлсөн нэгний гарыг 1000 юанаар цайлгасан гэх юм билээ. Хүндтэй зочиддоо ийн хандсан хос нэг хүний зоогт тийм их зардал ч гаргахгүй байж болох талтай. Юутай ч холд бэрлэсэн нутгийн охиноо сайхан амьдраасай л гэж ерөөе. жиргэе!
No comments:
Post a Comment