Monday, December 6, 2010

Би оюутан боллоо

Би оюутан боллоо­­­

Миний аав ээж багш хүмүүс байдаг. Би багаасаа багш болохыг мөрөөдөж байсан. Хүсэл маань биелж би багшийн мэргэжлээр суралцахаар оюутан боллоо. Оюутан гэдэг нь эрдэм мэдлэгээр цангах гэсэн утгатай үг гэсэн. Элсэн цөлд усгүй цангаж байгаа амьтан алжаал бэрхшээлийг үл тоон ус хайн олон мянган бээрийг туулдаг. Үүнтэй агаар нэгэн би ядрал зүдрэлийг үл хайран эрдэм номд шамдан суралцана. Эрдэм номонд суралцахдаа Сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно хэмээн Онходын Жамьян гуайн үгийг гол мөрдлөг болгоно.

Энэ үгийн учир нь өөрөө эрдэм номонд мэрийн чармайвал шинжлэх ухааны бартаат замын донсолгоо өөрөө арилж тэгш сайхан зам шулууддаг гэсэн гайхам санааг агуулдаг. Тиймээс эрдэмтэн багш нарынхаа заасан хичээлийг өөрийнхөө хөдөлмөрөө тэжээн тэтгэнэ.

Жимс ногоо ургахад ус, хөрс, үр зайлшгүй шаардлагатай байдаг. Үүнтэй адилаар эрдэм сурахад эрдэм номын ариун замд хөтлөх багш, миний хөдөлмөр зүтгэл, оюутан ахуй цагийн найз нөхөд үнэлшгүй их хэрэгтэй. Иймд эрдэм номын цагаан далайн сартваах багш нарыгаа дээдлэн хүндэтгэнэ. Багшийгаа хүндлэх нь манай монголчуудын эртний сайхан уламжлал юм. Би уламжлалын үргэлжлэл болон орших нь миний үүрэг юм.

Миний аавын багш монголын гарамгай математикчдын нэг Халтар гуай Хөдөлмөр бол бурхан, авьяас бол чөтгөр гэж хэлсэн гэсэн. Бурхан хишгээр авьяастай төрх нь эрдэм мэдлэгтэй эх орондоо хэрэгтэй хүн болох зайлшгүй нөхцөл болохгүй юм. Харин хөдөлмөрлөх нь эрдэм мэдлэгтэй эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа тустай хүн болох нь зайлшгүй юм. Мөн бас сайн сурахын нэг туслах нөхцөл нь оюутан ахуй цагийн андуудын харилцаа гэж би бодож байна. Иймээс үе тэнгийн нөхдүүдтэйгээ эелдэг сайн харилцаатай байж, тэднийхээ бүхий л сайн чанаруудыг өөртөө тусган авна.

Хэдийгээр би сонсголын бэрхшээлтэй боловч эрдэм номын энэ их өргөөнөөс эрдмийн охь шимийг хүртэж өөрийн адил сонсголгүй багачуудыг гэрэлт ирээдүй өөд хөтлөх багш болно.

Энийг уншив: Би оюутан боллоожиргэе!

No comments:

Post a Comment